Татвараас чөлөөлөгдсөн бизнес байдаг ажээ. Америкт татвараас ангид гэх тодотголтой бизнесүүд аж ахуйн нэгжийн татвар төлдөггүй гэнэ. Тэдгээрийн тоонд зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, товчоор ЗБН, багтана.
Ямар юмны яасан, яадаг нөхөрлөл гэнэ үү? гэж та бодож буй байх. Дараа дараагийн цуврал нийтлэлүүдийн суурь болох учир ЗБН төрлийн нөхөрлөлийг та ойлгоод авсан нь дээр. Тэгмэгц, татвараас ангид тал нь өөрөө тодроод ирэх вий.
ЗБН нь ердөө л хэсэг бүлэг этгээдүүд хөрөнгөө нийлүүлээд ганц хоёрхон этгээдээр удирдуулж буй бизнесийн хэлбэр юм. Этгээд гэж буйн учир гэвэл нөхөрлөлийн гишүүн нь хувь хүн эсвэл хуулийн этгээд аль нь ч байж болно. Нөхөрлөлийг удирдаж буйг нь бүрэн хариуцлагатай гишүүн, хөрөнгөө нийлүүлэн удирдуулж буйг нь үл оролцогч гишүүн гэнэ.
Бүрэн хариуцлагатай гишүүн ЗБН-ийг бүрэн төлөөлж, том жижиг бүхий л шийдвэрүүдийг гарган, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Үүнийхээ төлөө нөхөрлөлийн ашгаас урамшуулал хүртэх нь элбэг. Харин, нөхөрлөл их хэмжээний өрөнд орох юм уу хууль зөрчвөл хариуцлагыг ‘хар толгойгоороо’ үүрч, өрийг өөрийн хөрөнгөөр барагдуулах учиртай. Бүрэн хариуцлагатай гишүүн гэдгийн учир энэ.
ЗБН-ийн үйл ажиллагаатай огт ‘хавирахгүй‘ явах нь таалагдсаны үүднээс л, мэдээж, үл оролцогч гишүүд нөхөрлөлд нэгддэг. Бүрэн хариуцлагатай гишүүн тэдний хөрөнгийг өөрсдөөс нь хувь илүү удирдана гэдэгт тэд итгэлтэй буйгаас тэр юм. Өөрөө бизнест гар бие оролцдоггүй учир, нөхөрлөл ‘шаварт унавал‘ үл оролцогч гишүүн зөвхөн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх шударга зохицуулалтай.
Ийм ‘нарийн нандин’ тохироог бүрэн хариуцлага хүлээх гишүүн болон үл оролцогч гишүүд хэрхэн албажуулдаг вэ? Энэ бүгдийг нөхөрлөлийн гэрээнд тусгаж өгдөг. Өөрөөр хэлвэл, ЗБН нь бие даасан хуулийн этгээд гэхээс илүү гишүүдийн хоорондоо байгуулсан гэрээтэй төстэй.
Хэрэв, нөхөрлөлийн гишүүд бие даасан хуулийн этгээд буюу компани байгуулъя гэвэл дүрэмд нь нөгөө ‘нарийн нандин’ тохироонуудаа тусгах боломжгүй билээ. Учир нь, ЗБН үүсгэн байгуулахын яг эсрэг шалтгаанаар компанийг байгуулдаг. Аль нэгэн хувьцаа эзэмшигч дур мэдэн шийдвэр гаргах боломжгүй, тиймээс компани ‘сүйдвэл‘ аль ч хувьцаа эзэмшигч бизнест оруулсан хөрөнгөөс давсан хариуцлага хүлээхгүй байх нь компанийн амин сүнс нь юм.
Шийдвэр гаргах үүрэг болон санхүүгийн хариуцлагаас хувьцаа эзэмшигчийг ийнхүү чөлөөлж өгдгөөрөө компани нь давуу талтай, мөн, бие даасан шинжтэй байгаа биз? Харин, ЗБН ‘живбэл’ хөлгийн ахмад буюу бүрэн хариуцлагатай гишүүн хамт ‘живнэ’. Энэ эрсдлийг үүрэхийн сацуу үнэхээрийн чадварлаг ахмад үгүйсэн бол үл оролцогч гишүүд анхнаасаа энэ хөлгийг санхүүжүүлж, далайд гаргахгүй байсан. Иймээс, нөхөрлөл нь эрсдэлтэй бизнес бөгөөд оршин тогтнох эсэх нь бүх гишүүдээс хамаарна.
Компанитай харьцуулахад ийнхүү сул талтай буйг нь саармагжуулж, гишүүдийг нь сэдэлжүүлье гэхдээ Америкчууд ЗБН-ийг татвараас ангид бизнесүүдийн тоонд багтаах болсон шиг. Татвараас ангид бизнесийн олсон ашгийг байгууллагынх бус эздийнх нь гэж үзээд аж ахуйн нэгжийн татвар ногдуулдаггүй. Эзэд нь буюу ЗБН-ийн хувьд гишүүд нь тухайн ашигт ногдох хувь хүний татвар төлөхөд л хангалттай юм.
Гэтэл, ердийн компанийн хувьцаа эзэмшигч ашиг, өгөөж хүртэхийн тулд хоёр удаа буюу давхар татвар төлдөг. Компани нь олсон ашгаасаа аж ахуйн нэгжийн татвар төлнө. Үлдсэнээр нь хэрэв компани ногдол ашиг тараавал хувьцаа эзэмшигч хувь хүний татвар төлнө.
Америкт бүртгэлтэй нэгэн ЗБН-ийн хувьцааг бид сонирхон судалж буй юм. Юутай ч, давхар татвар төлөхгүй байх давуу талыг гишүүддээ олгодог бизнес ажээ. Ондоон ямар ямар онцлогтой нөхөрлөл болохыг нь дараагийн нийтлэлүүдээс сонирхоно уу.