Спорт зааланд, эсвэл энгийн орчинд байрлуулсан теннисийн ширээнүүд байдаг шүү дээ. Ийм ширээнүүдийн нэг дээр хүн бүр л теннис тоглож үзсэн байх. Өрсөлдөгч чинь, харин, танаас ур чадвараар илүү ч үгүй, дутуу ч үгүй л байсан болов уу. Учир нь, энэхүү нийтлэлийг унших хүмүүс дунд теннисийн спортоор тогтмол хичээллэдэг хүн таарах магадлал бага. Мөн, сонирхогчын хувиар, тохиолдолын чанартай теннис тоглож таарахад чинь таны л адил сонирхогч тантай өрсөлдсөн байх магадлал өндөр билээ.
Хоёр сонирхогч ийнхүү хоорондоо теннис тоглоход юу болдгийг бид бас л бүгд мэднэ. Байсхийгээд л падажаа алдана, бөмбөгөө тор мөргүүлнэ, эсвэл тавцангаас давуулж цохино. Палкаараа бөмбөгөө хий цохиж онигоонд орж ч магадгүй. Гэвч, сонирхогчид бид, яагаад ч юм, чадвараа голдоггүй. Өрсөлдөгч тал тосож авахын аргагүй падаж давуулчихмаар, ирмэгдүүлээд өгчихмөөр, нүднийх нь хурд гүйцэмгүй хүчтэй цохичихмоор л санагдаад байх. Сэтгэлдээ бол ‘алаад’ өгмөөр байдаг. Гэвч, тийнхүү адгах тусам улам их алдаа гаргаж, хожигдолд нэг алхам ойртох нь хяслантай.
Яг энэ зүй тогтол дээр үндэслэн, зарим гярхай хүмүүс энгийн юм шиг хэрнээ их чухал дүгнэлт хийжээ. Тэр нь юу вэ гэвэл, сонирхогчдын теннист хожигч тал нь ‘эрийн сайндаа’ хождоггүй аж. Харин хожигдогч тал нь түрүүлж илүү их оноо алдсанаар хожигдол хүлээж, тоглоом дуусдаг байна. Өөрөөр хэлвэл, сонирхогчдын тоглоомонд хожих үндсэн арга нь оноо бага алдах явдал юм.
Тэгвэл, мэргэжлийн тамирчид теннис хэрхэн тоглодгийг хүн бүр л харж байсан байх. Ази голцуу тамирчид ширээний теннисийг тоглоно гэж ‘уйлуулж’ байх нь зурагтаар үе үе харагдаж л байдаг шүү дээ. Трок, трок, трок, … гээд бөмбөг нь харагдахгүй, дуу нь л гараад, ширээний хоёр талд хоёр тамирчин гараа саваад харилцаад байх. Эндээс хэн нь илүү уран чадварлаг тоглолт гаргаж, өрсөлдөгчөө бөмбөг алдахад хүргэсэн нь оноо авна. Аль аль тамирчин нь ялих шалихгүй алдаа гаргаж оноогоор хохирно гэсэн ойлголт үгүй.
Энэ бол мэргэжлийнхний тоглоом юм. Мэргэжлийн түвшиний теннист хожигч тал нь өөрийн хүчээр хожлыг өөртөө авдаг. Оноо бага алдсанаар бус, зөвхөн өрсөлдөгчөөсөө илүү их оноо авах замаар л мэргэжлийнхний тоглоомонд хожих боломжтой. Эндээс л жинхэнэ ‘гал гарсан’ тоглолтууд гардаг гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.
Natural Resource Partners (NRP) нөхөрлөлийн хувьцааг худалдан авах нь ашигтай эсэхийг бид сүүлийн үед олон талаас нь, нухацтай судалж буй билээ. Баялаг бүтээх (нүүрс олборлох) ‘ажлыг’ эднийх олборлогч компаниудад бүрэн хариуцуулж, үүссэн баялагийн үр шимийг (нүүрс борлуулсаны орлого) хуваарилахад харин өөрсдөө оролцохын дээдээр оролцдог тухай өмнөх нийтлэлүүдэд дурдсан. ‘Урагшаа гишгэхдээ ургаа хад шиг, ууж идэхдээ уургын морь шиг’ гэсэн тодорхойлолт чухам NRP нөхөрлөлд зохимоор.
Үүний үр дүнд, нүүрс олборлогчид хүнд, хөнгөн бүхий л төрлийн сорилт, бэрхшээлүүдтэй алхам тутамдаа нүүр тулж, тэдгээрийг сөрөн давахын төлөө цаг үргэлж тэмцсээр ирсэн билээ - Аливаа зүйлийг буй болгох, бүтээн босгох ямагт хэцүү бэрх байдаг шүү дээ. Бэрхшээл, саад ихийн хэрээр арга мухардаж, ашиг орлого нь буурах, алдагдал хүлээх, дампуурахдаа тулах үе нүүрс олборлогчдод бишгүй тохиолдоно.
Бүхий л зовлон, зүдгүүрийн ар дээр, бэлэн буй болсон баялагийн үр шимээс хувь хүртэгч NRP нөхөрлөлийн хувьд харин барьц алдаж, бизнес нь доголдон доройтох тохиолдол бараг үгүй - 2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш эднийх жил бүр дорвин ашиг, орлого олсоор ирсэн бөгөөд 21 жилийн хугацаанд бизнестээ нийт 4.2 тэрбум долларын чөлөөт мөнгөн урсгал төвлөрүүлжээ.
Нүүрс олборлон зах зээлд борлуулах нэг л төрлийн үйл ажиллагаанаас ‘хоолоо олж иддэг’ хоёр бизнес: нүүрс олборлогч, NRP нөхөрлөл. Эхнийх нь байсхийгээд л дампуурлаа зарлах хүртлээ алдагдал хүлээдэг бол сүүлийнх нь донсолгоо, уналт гэдгийг мэдэхгүй. Сонирхогчдын тоглоом шиг сонсогдож байна уу? Нүүрс олборлогчид зогсоо зайгүй ‘оноо алдсаар’ хожигдож, NRP нөхөрлөл хүний урамд ганц ч удаа ганхахгүй байсаар хождог сонирхогчдын тоглоом шиг.
Энэхүү тоглоомонд NRP нөхөрлөл завсаргүй хожсоор ирсэн, цаашид ч хожсоор байх нь тодорхой юм. Гэвч, бараг л юу ч хийгээгүйн төлөө, зүгээр л эрсдэл огт үүрээгүйн төлөөнөө хожиж буй нь арай л сонирхолгүй, уйтгартай биш гэж үү? Магадгүй ээ, уйтгартай, урамгүй, улбагар байг. Сайн бизнес, сайн хөрөнгө оруулалт, гэхдээ, сонирхолтой, супер, секси байх ямар ч албагүй билээ.
Мэргэжлийн өрсөлдөгчидтэй мэргэжлийнхний тоглоом тоглодог бизнесүүд байдаг л биз - Элон Маскын компаниуд болон Стив Жобсын үеийн Apple компани санаанд орж байна. ‘Муур цагаан эсвэл хар байх нь хамаагүй, хулгана барьж чаддаг байх нь чухал’ гэж Дэн Сяопины хэлсэн шиг тухайн бизнес урам зориг сэргээсэн эсвэл туйлын уйтгартай байхаас үл хамааран ашиг орлого их олдог, өндөр өгөөжтэй байх нь хамгаас чухал юм.
Энэхүү шаардлагыг NRP нөхөрлөл хөнгөхөн хангадаг болохыг бид өмнөх нийтлэлүүдээс мэддэг болсон. Тус нөхөрлөлийг ахин нэг шинэ өнцгөөс харан шинжсэн дараагийн нийтлэлээр удахгүй уулзацгаая.