Natural Resource Partners нэртэй бизнес дээр сүүлийн үед бидний ‘нүд тусаад’ буй юм. Товч нэр нь NRP. Америкт бүртгэлтэй. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл. Энэ төрлийн нөхөрлөлийг товчоор ЗБН гэдэг.
Америкт ЗБН нь давхар бус дан татвар төлөх боломжыг хөрөнгө оруулагчдаа олгодог тухай өмнөх нийтлэлд дурьдсан. Хөрөнгө оруулагчын нүдэнд энэ нь том давуу тал болж харагдах нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагчид NRP нөхөрлөлөлд татагдах цор ганц шалтгаан биш юм. Үүнээс гадна хоёр шалтгаан бий.
Эхнийх нь их энгийн. Хөрөнгө оруулагч NRP нөхөрлөлийн хувь эзэмшлээ жирийн ЗБН-тэй харьцуулвал хамаагүй хурданаар, зовлонгүй зарж бэлэн мөнгө болгох боломжтой. Учир юу вэ, эднийх юугаараа тийм ‘жир бус‘ юм гэвэл NRP нь олон нийтэд нээлттэй ЗБН билээ.
Өөрөөр хэлвэл, нөхөрлөлийн нэгж эрх нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагддаг. Нэгж эрх гэдэг үг таньд магадгүй содон санагдаж байвал, нөхөрлөлийн нэгж эрх нь компанийн хувьцаатай дүйх юм шүү. Америкт зөвхөн үл хөдлөх эсвэл ашигт малтмалын салбарын ЗБН-ийг нээлттэй нөхөрлөлөөр бүртгэхээр зохицуулсан. NRP ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү шалгуурыг хангадаг.
Шалгуур хангаагүй ЗБН-ийн гишүүн буюу хөрөнгө оруулагч өөрийн хувь эзэмшлийг зах зээлийн үнийг нь буулгалаа ч зарахад бэрх. Учир нь, хэн нэгэн худалдан авах сонирхолоо илэрхийлээгүй байхад аливаа зүйлийг зарах ямагт хэцүү байдаг шүү дээ. Харин, NRP-ийн нэгж эрх шиг хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны хувьд, худалдах, худалдан авах талууд цаг ямагт хүсэл, сонирхолоо илэрхийлж байдаг тул зах зээлийн үнээр арилжаа хийхэд нэн хялбар.
Нэгж эрх нь бирж дээр чөлөөтэй арилжаалагдах давуу талыг Америкчууд зөвхөн үл хөдлөх эсвэл ашигт малтмалын салбарын ЗБН-д олгодог нь нэг зүйл хэлээд байгаа биз? Цаг ямагт санхүүжилтээр цангаж, өлсөж байдаг энэ хоёр салбар уруу хөрөнгө оруулгчдыг татах бодлого үүний цаана явж буй нь ойлгомжтой. Ондоон ямар ямар давуу талуудыг үүсгэж болох вэ? гэж тэд бодсон шиг байгаа юм. Юутай ч олон нийтэд нээлттэй ЗБН-ийн гишүүн буюу нэгж эрх эзэмшигчийг урамшуулах ахин нэг арга сийлжээ.
Тэр нь нөхөрлөлөөс ашиг хүртэхийн зэрэгцээ нөхөрлөлд оруулсан хөрөнгөө цувуулан буцаан авах боломж юм. Олон нийтэд нээлттэй ихэнх ЗБН чөлөөт мөнгөн урсгалынхаа дийлэнхийг гишүүддээ улирал тутамд хууварилан тараадаг билээ. Нөхөрлөлөөс гишүүнд ийнхүү тарааж буй бэлэн мөнгө нь ашиг, нэмэх нь хэсэгчлэн буцаан олгож буй хөрөнгөөс бүрддэг гэсэн үг.
Энэ нь гэхдээ нэгж эрх эзэмшигчийн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөс өөрт нь буцаагаад өгч буй хэрэг биш юм. Тэр хөрөнгө оруулалт аль хэдийнээ тоног төхөөрөмж, үйлдвэр, уурхай, барилга болчихсон нь лавтай - ‘Мөнгө орж’ ханадаггүй салбарт хүч үзэж буй нөхөрлөлүүдийн тухай ярьж байгаа шүү дээ, бид. Тэгвэл, нөхөрлөлийн өөрийн хөрөнгөөс гараагүй, ашгаас тусдаа юм бол гишүүнд хөрөнгийг нь хэсэгчлэн буцааж өгөх мөнгө хаанаас гарч ирдэг хэрэг вэ?
Аливаа бизнесийн орлогоос тоног төхөөрөмжийн элэгдэл, байгалийн нөөцийн хорогдол зэрэг мөнгөн бус зардал хасагдах тохиолдолд ашигт тооцогдохгүй чөлөөт мөнгөн урсгал үүсдэг. Яг ийм байдлаар, жишээ нь, ашигт малтмалын нөөц эзэмшдэг NRP мэтийн нөхөрлөлд ашгийн хамтаар тараах боломжтой бэлэн мөнгө хуримтлагддаг. Тэр мөнгөөр нэгж эрх эзэмшигчийн хөрөнгийг хэсэгчлэн буцаан олгодог ажээ.
Бизнесийн орлогоос бодит зардлуудаа хасаад үлдсэн л мөнгөний хэсэг юм байна шүү дээ. Ашиг гэнэ үү, хөрөнгө буцаан өгч байна гэж үзнэ үү, ямар ялгаа байна? гэж та бодож байвал асуудлаа яг зөв ойлгож ээ.
Нэг л ялгаа бий. Нэгж эрх эзэмшигч нөхөрлөлөөс ашиг хүлээн авч буй бол татвар төлнө, хөрөнгөө хэсэгчлэн буцаан авч буй бол татвар төлөхгүй. Иймд, олон нийтэд нээлттэй ЗБН-ийн нэгж эрх эзэмшигч хугацааны уртад нөхөрлөлд оруулсан хөрөнгөө бүхэлд нь буцаан авч дуусахад, яг тийм хэмжээний орлогод ногдох байсан татварын хэмнэлт гарсан байх болно.
Базаад хэлвэл, NRP нөхөрлөлийн нэгж эрхийг худалдан авсанаар хөрөнгө оруулагч гурван боломжыг нээх юм. Нэгд, компанийн хувьцаа эзэмшигч бус ЗБН-ийн гишүүн болсоноор, давхар бус дан татвар төлөх боломж. Хоёрт, ердийн бус олон нийтэд нээлттэй ЗБН-ийн нэгж эрх эзэмших тул, хувь эзэмшлээ хөрөнгийн зах дээр хүссэн үедээ зах зээлийн үнээр нь худалдах боломж. Гуравт, нөхөрлөлд оруулсан нийт хөрөнгөтэй тэнцүү хэмжээний орлогыг хөрөнгө буцаан олгож буй хэлбэрээр нөхөрлөлөөс татваргүйгээр хүлээн авах боломж.
Гэвч, NRP ашиг их олдог, сайн бизнес биш бол нэгж эрхийг нь эзэмшигч энэ бүх давуу тал, боломжуудын хэргийг нь гаргаж чадахгүй. Олоогүй ашгаас давхар ч, дан ч татвар төлөх боломжгүй. Тараагаагүй бэлэн мөнгийг ашиг ч гэж, буцаан олгож буй хөрөнгө ч гэж үзэх боломжгүй. Муу бизнест хүмүүс хямд л үнэ санал болгоно. Хямдаар зарах бол олон худалдан авагчтай хөрөнгийн захын ач тус гэж үгүй.
NRP ашиг сайтай бизнес мөн үү гэдгийг дараа дараагийн нийтлэлүүдээс үргэлжлүүлэн уншина уу.