Natural Resource Partners (NRP) нөхөрлөлийн хийдэг бизнес их энгийн. Үндсэн үйл ажиллагаа нь нүүрсний ашиглалтын лицензүүдийг олборлогч компаниудад түрээслэж, орлогоос нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) цуглуулах. Бусдын орлогоос хувь авахаас ондоон зүйл хийдэггүй бизнес гэхээр ‘даам’ байгаа биз? - Манайд, Алтан Дорнод Монгол иймэрхүү бизнес хийж байсан гэж сонссон; үнэн худлыг нь мэдэхгүй.
Мөнгө цуглуулж, олборлогч компаниудыг хааяа нэг хянах ‘хялбар’ ажилтай тул NRP цомхон бүтэцтэй. Хэдэн зуун сая долларын цэвэр ашиг олдог бизнес гэхэд нийт тавь, жаран л ажилтантай. Харьцуулахад, манай Энержи Ресурс компани ялгаагүй л нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилдээ нэг зуун сая доллар хүрэхгүй ашиг олдог. Гэвч, эднийх хоёр мянга орчим ажилтантай.
Хүн цөөтэй байх нь, мэдээж, цалингийн болон удирдлагын бусад зардлыг бууруулах сайн талтай. Гэхдээ, сайн бодоод үзвэл, цөөхүүлээ байхын давуу тал нь цалингийн зардлын хэмнэлт төдийхнөөр хязгаарлагдахгүй юм. Бизнесүүдийн эд эс бүхэнд шигдэн, шим шүүсийг нь сорон сульдуулж байдаг нэгэн төрлийн шимэгчээс цомхон бүтцийн ачаар ангижрах боломжтой.
Тэрхүү шимигч нь төлөөлүүлсэний төлөөс юм. Энэ нь эзэн, төлөөлөгч хоёрын ашиг сонирхолын зөрүүнээс үүсдэг. Жишээ нь та компанийн эзэн, харин, таны компанийн үйл ажиллагаа гүйцэтгэх захирал, түүний ажилд авсан хүмүүсийн гарт байдаг бол та төлөөлүүлсэний төлөөс их бага хэмжээгээр төлж буй. Учир нь таныг төлөөлөн компанийг чинь удирдаж буй хүмүүс цаг ямагт таньд, компанид ашигтай шийдвэр гаргана гэх баталгаа үгүй.
Ихэнх ажилтны хувьд, биеийн амрыг бодох, оффисын ‘улс төрийн’ оноо цуглуулах, өөртөө аль болох өндөр цалин хөлс авах зэрэг л чухал байдаг нь нууц биш. Харин, компанийн өрсөлдөх чадвар сайжрах, бизнес бүхий л нөөцөө бүрэн дайчилж буй эсэх, байж болох хамгийн өндөр ашиг олох зэрэг нь тэдний хувьд наян гурав дугаар асуудал хавьцаа эрэмблэгдэж байвал их юм. Иймд, компанийн хөрөнгө, нөөцийг ажилтан үр ашиггүй зүйлст зарцуулах нь түгээмэл. Энэ нь эзэнд, бизнест зардалтай тусдаг.
Эзэд үүнийг мэдсээр байж зүгээр суухгүй нь мэдээж. Иймэрхүү асуудлаас сэргийлэхийн тулд бизнесийн дотоод хяналтын тогтолцоо нэвтрүүлэх, ажилтанд ашгаас бонус өгөх, гүйцэтгэлд суурьласан урамшуулал олгох зэрэг арга хэмжээнүүд авдаг. Эдгээр нь мөн л зардалтай шүү дээ. Энэ мэт зардлуудыг нийлүүлээд төлөөлүүлсэний төлөөс гэж буй юм.
Төлөөлүүлсэний төлөөс нь эздэд халгаатайн нэгэн адилаар бизнестээ ч гэсэн санхүүгийн дарамт үзүүлдэг болох нь эндээс харагдаж буй болов уу. Олон ажилтан, нүсэр бүтэц шаарддаг бизнес байх тусмаа илүү их дарамттай тулгарна. Харин, цомхон бүтэцтэйн ачаар, NRP нөхөрлөл нь төлөөлүүлсэний төлөөс, түүний дарамтаас ангид бизнес юм.
NRP нөхөрлөлийн бизнесийн онцлогуудаас ахин нэгийг дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Эднийхээс нүүрсний орд, ашиглалтын лиценз түрээслэж буй олборлогч компаниудын дийлэнхийнх нь хувьд, уурхай нь ямар нэг шалтгаанаар зогссон бол нөхөрлөлд АМНАТ биш боловч хамгийн бага хэмжээний хураамж үргэлжлүүлэн төлсөөр байх гэрээтэй. Олборлогч компани ийнхүү ‘сул’ төлж буй хураамжаа, зөвхөн уурхайгаа хурдан хугацаанд буцаан ажилд оруулсан тохиолдолд, нөхөрлөлөөс буцаан авах боломжтой. Буцаан авах ч юу байх вэ, ирээдүйд нөхөрлөлд АМНАТ төлөхдөө хасуулан тооцуулах боломжтой.
Гэрээний энэ нөхцөл нь нөхөрлөлд хоёр талын ач тустай юм. Нэгд, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах гэх мэт шалтгаанаар салбар хямарсан үед л олборлогч компани уурхайгаа зогсоох нь элбэг. Тэгвэл, ийм хямралтай үед, салбарын бусад бизнесүүд ‘модоо барьж’ байхад нөхөрлөл бэлэн мөнгөний орлогоор тасардаггүй байх нь.
Хоёрт, энэ нь, нөхцөл байдал хичнээн хүнд байлаа ч, олборлогч компани уурхайгаа аль болох зогсоохгүйг хичээх сэдэл болж өгдөг. Учир нь, уурхай нь зогсчихвол орлогын эх үүсвэр нь хамт хаагдах тул олборлогч компани нөхөрлөлд хамгийн бага хэмжээний хураамжыг төлөхөд ч хэцүү болно шүү дээ. Ийм хэцүү байдалд орохгүйн тулд олборлогч компани ‘шүд зуугаад’ ч хамаагүй нүүрсээ үргэлжлүүлэн олборлосоор байхыг илүүд үзэх болно. Нүүрсээ борлуулсан орлогоос нь АМНАТ авдаг NRP нөхөрлөлийн хувьд энэ нь мэдээж ‘чихэнд чимэгтэй’ мэдээ болж таарна.
NRP нөхөрлөл яг ямар бизнес хийдэг тухай товчхон тоймлоход ийм байна. Энэ бизнес нь ондоон ямар ямар онцлог талуудтай болохыг дараа дараагийн нийтлэлүүдээр ‘авч хэлэлцье.’