2024 оны захидал
Нөхөрлөлийн 2023 оны гүйцэтгэлийг дүгнэн бүрэн хариуцлагатай гишүүнээс бусад гишүүдэд илгээсэн захидал
Хамтрагчид аа,
Нөхөрлөлийн нэгж эрхийн үнэлгээ 2022 оны эцэст 8’882₮ байсан бол 2023 оны эцэст 9’623₮ болж өссөн. Нөхөрлөл хөрөнгө оруулалтын багцаасаа өнгөрсөн жил 8.3% өгөөж хүртсэн гэсэн үг.
Оны эхний болон эцсийн үнэлгээ гэсэн хоёр тоог ийнхүү харьцуулж ашиг, алдагдлаа тооцож байхаар бид нөхөрлөлийн гэрээндээ тусгасан билээ. Үнэн хэрэг дээрээ, нэгж эрхийн үнэлгээ өдөр бүр өөрчлөгдөх боломжтой, байнга хөдөлдөг. Учир нь, нөхөрлөлийн эзэмшиж буй хөрөнгө оруулалтын багцын дийлэнхийг компаниудын хувьцаа бүрдүүлж, тэдгээр хувьцаануудын үнэлгээ хөрөнгийн зах дээр чөлөөтэй тогтдог.
Иймд, 2023 оны дундуур нөхөрлөлийн дансанд шилжин орж ирсэн хөрөнгийн өгөөж захидлын эхэнд дурдсанаас ялгаатай буй. Хэрэв та тэдгээр шилжүүлгүүдийг хийсэн хамтрагчдын нэг бол ялгаа, зөрүү нь таны дансны хуулга дээр тодорхой харагдана. Та өөрийн дансны хуулгатай хавсралтаас танилцана уу.
Гурван жилийн өмнө нөхөрлөл үйл ажиллагаагаа эхлүүлэхэд таны нөхөрлөлд шилжүүлсэн 10'000₮ тутамд нэг нэгж эрх ногдож байв. Тухайн үеийн 10'000₮ нь 1 талх, 5 өндөг, 300 грамм Хятад сонгино, хагас кило хонины мах, 1 шил Боргио пиво авч хүрэх мөнгө. Илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг эдгээр хүнсээр өнөөдөр та тороо дүүргээд төлбөр төлвөл тооцоо нь 16'500₮ болно. Гэтэл, нөхөрлөлийн нэгж эрхийн үнэлгээ өсчихөөд буй нь 9’623₮.
Тэгэхлээр, бид гурван жилийн турш урагшлах бус ухарсан байх нь ээ. Ашиг олох нь бүү хэл алдагдал хүлээсэн юм шив! 2021 оны эхэнд 10'000₮ нөхөрлөлд шилжүүлэхийн оронд банкны хадгаламжид хийсэн бол, 2023 оны эцэст ядаж л ойролцоогоор 13'100₮ болж өсөх байж шүү дээ.
Хамтрагчид маань энэ мэтээр нөхөрлөлийн үйл ажиллагаа амжилттай яваа эсэхэд эргэлзэн тээнэгэлзэж байж болох юм. Тэгвэл, та бүхэн санаа амар байж болно. Яс сайт яван чангарна гэгчээр, нөхөрлөл хөрөнгө оруулалтын багцаасаа өнөө маргаашдаа биш гэхэд хожим дориун их үр өгөөж хүртэх замдаа эргэлт буцалтгүй орсон. Цааш дэлгэрүүлэн тайлбарлая.
Угаас, хувьцааны хөрөнгө оруулалтыг амжилттай хийх урьдач нөхцөл, алтан зарчмуудын нэг нь өнөөдөр ‘цойлж яваа’ бус ‘яван чангарах’ бизнесүүдийн хувьцааг олж сонгох явдал юм. Яагаад тэр вэ?
Үлэмж их өгөөж, ашгаар хувьцаа эзэмшигчээ ирээдүйд ‘дарж, булах’ нь туйлын тодорхой бизнес байлаа гэж бодъё. Тийм бизнесийн хувьцааг худалдан авахаар хөрөнгө оруулагчид уралдан өрсөлдөх нь ойлгомжтой. Хажуугийн хөрөнгө оруулагчаас өрсөх гэсэндээ өндөр үнэ төлж, улмаар өөрийн ирээдүйд хүртэх өгөөж, ашгийг бууруулна. Энэ нь давтагдсаар тухайн хувьцааны өгөөж зах зээлийн дунджаас бараг илүү гарахааргүй болоход л сая өрсөлдөөн намжина.
Одоо харин ‘мөнгөний машин’, ‘саалийн үнээ’ гэдгийг нь хөрөнгө оруулагчид нийтээрээ олж таниагүй бизнесийг авч үзье. Чухам ийм тохиолдолд л, аагтай сонгино мэт өндөр өгөөжтэй хувьцааг ‘аагийг’ нь сулруулаагүй үнээр худалдан авч хөрөнгө оруулах боломж бүрддэг. Гэхдээ, мэдээж ‘сувай үнээг саалийн үнээтэй’ андуураагүй, ‘мөнгөний машин’ гэж мөрөөдөөгүй бол шүү дээ. Бусдын олж хараагүй үнэ цэнийг ийнхүү зөв онож таних нь хөрөнгө оруулагчын ур чадвар юм.
Сүүлийн шалгуурыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтуудыг нөхөрлөл өнгөрсөн хугацаанд хийсээр ирлээ. Тухайлбал, Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогсох хүртэл саармагжиж, орлого ашиг нь үлэмж хумигдсан хоёр бизнесийн хувьцааг нөхөрлөл сүүлийн гурван жилийн турш дотоодын зах зээл дээрээс хямдаар түүв. Эдгээр бизнесүүдийн хувьцаанаас хөрөнгө оруулагчид салахын түүс болж, манай нөхөрлөлөөс ондоо худалдан авагч олдохгүй байсан үе л дээ.
Гэтэл өнөөдөр цар тахлын нөлөө бүрэн арилаж, аль аль бизнесүүдийн үйл ажиллагаа нь сэргэн, орлого ашиг нь хэвийн түвшиндээ хүрээд байна. Гэвч, үлбэгэр дорой төлөвөөс хэвийн горимдоо эргэн орно гэдэг нь дангаараа ирээдүйн амжилтын баталгаа болж чадахгүй. Нөхөрлөл хувьцааг нь эзэмшиж буй хоёр бизнес хэвийн үед хувьцаа эзэмшигчдээ хэвийн бус өгөөж өгөх чадвартай болохыг дараах онцлогуудаас харж болно - Эдгээр нь хоёр бизнесийн аль алинд хамаарна.
Нөхөрлөл хувьцааг нь худалдан авахдаа төлсөн үнийн дүнгийн 20-25% тэнцэх хэмжээний татварын дараах цэвэр ашгийг бизнес жил бүр олдог. Түүнчлэн, цэвэр ашгаас бизнест буцаан хөрөнгө оруулах огт шаардлагагүй - Цэвэр ашгийг 100% хувьцаа эзэмшигчдийн гар дээр тараах боломжтой. Хамгийн чухал нь, цэвэр ашгаас бизнест нэмэлт хөрөнгө оруулалт хийгдээгүй атал бизнесийн ашиг жилээс жилд өсөн нэмэгддэг.
Манайдаа л ижилгүй энэ хоёр бизнесийн хувьцааг эзэмшиж буйн хувьд нөхөрлөл эдгээрээс ирээдүйд өндөр өгөөж хүртэнэ гэдэгтээ итгэл дүүрэн буй. Нөхөрлөл цаашид гадаадын хувьцаануудад хөрөнгө оруулж эхлэхээр гадны зарим хөрөнгийн захуудыг анхааралтай ажиглан судалсан хэвээр.
Энэ хүрээд захидлаа төгсгөе. Хурал дээрээ үргэлжлүүлэн ярилцацгаая. Нөхөрлөлийн ээлжит хурал 3-р сарын 31-ний Ням гарагт 15:00-16:00 цагийн хооронд Мессенжерээр зохион байгуулагдана. Хуралдаа идэвхтэй оролцохыг та бүхнээс хүсье.
Өөрсдийн хөлс, хүч шингэсэн хөрөнгөө удирдуулахаар нөхөрлөлд итгэл хүлээлгэсэнд баярлалаа.
Хүндэтгэсэн,
[Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал]
2024 оны 3-р сарын 30