2023 оны захидал
Нөхөрлөлийн 2022 оны гүйцэтгэлийг дүгнэн бүрэн хариуцлагатай гишүүнээс бусад гишүүдэд илгээсэн захидал
Хамтрагчид аа,
2021 оны эцэст нөхөрлөлийн нэгж эрхийн үнэ цэн 10’359₮ байсан бол 2022 оны эцэст 8’882₮ болж буурав. Нөхөрлөл, улмаар, өнгөрсөн жилд 14.3% алдагдал хүлээсэн.
2022 онд нөхөрлөлд хөрөнгө шилжүүлсэн хамтрагчдын хувьд, хүлээсэн алдагдал нь үүнээс ялгаатай буй. Энэ нь нэгж эрхийн үнэ цэн хэд байх үед, ямар хэмжээний хөрөнгө нөхөрлөлд оруулсанаас хамаарна. Таны нөхөрлөлд оруулсан хөрөнгийн бүртгэл, өгөөж, алдагдалын тооцооллыг энэхүү захианд хавсаргалаа.
Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс харин өнгрөгч жилд 15.4% буурсан. Өөрөөр хэлвэл, дотоодын хөрөнгийн захын үнэлгээ унасантай (15%) бараг адил хэмжээгээр нөхөрлөлийн хөрөнгийн үнэ цэн буурсан (14%) гэсэн үг.
Нөхөрлөлийн нийт хөрөнгийн 90% гаруй нь дотоодын хоёр хувьцаанаас, үлдсэн хэсэг нь бэлэн мөнгөнөөс бүрдэж буй. Иймээс, нөхөрлөлийн хөрөнгийн үнэ цэн зах зээлийн жишгээ даган буурсанд гайхах зүйлгүй мэт санагдаж болох юм. Гэвч, үүнд гайхах шалтгаан бас бий.
Учир нь, нөхөрлөлийн эзэмшиж буй хувьцаануудын үнэ унах бараг боломжгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Зах зээлийн үнэ нь цаашид хямдрах боломжгүй болтлоо, тийм итгэмээргүй хямдаар үнэлэгдэж буй хувьцаанууд юм. Гэвч, тэдгээрийн нэгийнх нь үнэ хямд дээрээ нэмээд хямдрасан хэрэг.
Хямд тусмаа хог гэсэн үг биш. Эсрэгээрээ, манайдаа хамгийн шилдэгт тооцогдох хоёр бизнесийн хувьцааг нөхөрлөл эзэмшиж буй тухай өмнөх жилийн захианд дурьдсан билээ. Эдгээр хувьцаануудаас нөхөрлөл нэг ширхэгийг ч зараагүй, цаашид ч арилжиж, худалдах бодолгүй байна.
Зарж үрэх нь бүү хэл, ийм сайн хувьцаануудын нэгийнх нь үнэ навс унах тусам, үргэлжлүүлэн худалдан авсаар байв. Дотоодын хөрөнгийн захын лангуун дээрх хамгийн чанартай бараануудын нэгэнд ийнхүү ‘цочир хямдрал’ зарлагдсаныг зүгээр хараад суух гэж үү? Мэдээж үгүй.
Жилийн инфляци 13.2% хүрч, бүх зүйлийн үнэ тэнгэрт хадаж байхад нөхөрлөл, ийнхүү, туйлын үнэ цэнтэй бизнесийн хувьцааг асар хямдаар зах зээлээс түүсэн. Иймээс, нөхөрлөл 2022 онд алдагдал хүлээсэн гэхээсээ илүүтэйгээр ашигтай наймаа хийж чадсан гэж миний зүгээс дүгнэж буй.
Нөхөрлөл зөвхөн ‘ашигтай наймаанууд’ л хийсээр ирсэн юм бол, үр дүн нь хаана байна? Эдгээр хувьцаанууд өгөөж өгөх юм уу, ер нь? Хэрэв өгөх бол, хэзээ? Шорддог найз чинь, хэрэвзээ, ингэж асуувал, хэрхэн хариулж болох талаар цугтаа түр бодоод үзье.
Хувьцаанд хөрөнгө оруулах нь, үндсэндээ, ирээдүйд буй болох баялагаас хувь эзэмшихийн тулд өнөөдөр төлбөр төлөхийн нэр. Төлбөрөө төлсөнөөр ажил дуусдаггүй, харин ч хамгийн чухал ажил эхлэдэг. Тэр нь хөрөнгө оруулсан бизнес чинь жилээс жилд илүү их баялаг бүтээн, хуримтлуулж буй эсэхийг хөндлөнгөөс тэвчээртэйгээр ажиглан суух явдал юм.
Цөөн жилийн дотор их хэмжээний баялаг шинээр бүтээгдэх эсвэл сүйтгэгдэх боломж хомс. Иймээс, ‘хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ’ гэдгийн адилаар хувьцааны сайныг хадгалан, харан, хүлээн байж л мэдэх боломжтой. Өөрөөр хэлвэл, нөхөрлөлийн эзэмшиж буй хувьцаануудын сайн, мууг шүүхэд одоогоор эрт байна.
Нөхөрлөл хувьцааг нь эзэмшдэг бизнесүүд дунджаас хол илүү хурдаар баялаг бүтээсээр буй - Дараагийн тав, арав, хорин жилд ч эрч нь саарах учиргүй. Бүтээж, бий болгосон баялаг нь хуримтлагдан томорсоор нэг мэдэхнээ ‘уул овоо’ шиг болох нь дамжиггүй. Үүнээс нөхөрлөлд ногдох хувь нь, энэ зуур, ‘богийн дайтайгаас бодын дайтай’ болсон байх вий.
Хөрөнгийн захаас хувьцаа худалдан авах амархан. Тухайн хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхийг хүлээнэ гэдэг харин амаргүй. Үүнээс ч хэцүү, оюун ухаан сорьсон, гэхдээ миний л хувьд хамгийн кайфтай нэг ажил бий. Тэр нь аль бизнесийн хувьцааг худалдан авахаа сонгож шийдэх билээ.
Энэ чиглэлд нөхөрлөл чамгүй их ажил амжууллаа. Тухайлвал, Хятадын Шанхай, Шэньжэнь, Хонконг, Сингапур, Лондон, Америк, Европын хөрөнгийн захуудыг, үндсэнд нь, ‘нэгжиж’ дууслаа. Улмаар, хэдэн зуун хувьцаануудыг шинжиж сонжив.
Үүнээс арав, хорин зэгсэн сайн хувьцааг сорчлон сонгож, гүнзгийрүүлэн судалсаны үндсэн дээр заримыг нь ирээдүйд худалдан авахаар ‘тоочиглов’. Эдгээр хувьцаануудын цаана, сонирхуулахад, Хятадын усан цахилгаан станц, Индонезийн нүүрсний уурхай, Английн барилгын компани, Польшын хог хаягдал боловсруулах үйлдвэр, Эстонийн усан боомт зэрэг төрөл бүрийн бизнесүүд бий.
Энэ хүрээд тайлангаа өндөрлөе. Хурал дээрээ үргэлжлүүлэн тухтай ярилцацгаая. Нөхөрлөлийн ээлжит хурал 1-р сарын 30-ны Даваа гарагт 19:00-20:00 цагийн хооронд цахимаар явагдана. Доорх холбоосоор орж, хуралдаа идэвхитэй оролцохыг та бүхнээс хүсье.
Өөрсдийн хөлс, хүч шингэсэн хөрөнгөө удирдуулахаар нөхөрлөлд итгэл хүлээлгэсэнд баярлалаа.
Хүндэтгэсэн,
[Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал]
2023 оны 1-р сарын 28