2022 оны захидал
Нөхөрлөлийн 2021 оны гүйцэтгэлийг дүгнэн бүрэн хариуцлагатай гишүүнээс бусад гишүүдэд илгээсэн захидал
Хамтрагчид аа,
2020 оны сүүлээр нөхөрлөл анх байгуулагдахад 10'000₮ тутамд нэг нэгж эрх ногдож байв. 2020 он дуустал энэ тоо өөрчлөгдөөгүй. Учир нь нөхөрлөл хөрөнгө оруулж эхлээгүй байсан билээ.
2021 оны эхээр нөхөрлөл хөрөнгө оруулж эхлэснээр нэгж эрхийн үнэ цэн хөдлөж эхлэсэн - Оны дундуур 11'183₮ хүрсэн нь хамгийн өндөр түвшин байсан бол оны эцэст 10'359₮ болсон. Өөрөөр хэлвэл, нөхөрлөл 2021 онд 3.6% өгөөжтэй ажилласан.
Зарим хамтрагчидын хувьд, нөхөрлөлд оруулсан хөрөнгийн 2021 оны өгөөж үүнээс ялгаатай буй. Энэ нь нэгж эрхийн үнэ цэн хэд байх үед, ямар хэмжээний хөрөнгө нөхөрлөлд оруулсанаас хамаарна. Та өөрийн хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоололтой хавсралтаас танилцах боломжтой.
2021 онд Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс 120% гаруй өссөн. Индексийн бүтцийг яг таг хуулбарлан, өөр юунд ч толгой гашилгалгүйгээр хөрөнгө оруулалтын багц бүрдүүлсэн бол 120% өгөөж олох байсан гэсэн үг.
Гэтэл нөхөрлөлийн гүйцэтгэл босго өгөөж болох жилийн 12% ч хүрсэнгүй. Түүгээр ч үл барам нөхөрлөлийн нийт хөрөнгийн ердөө тал гаруй хувиар л хөрөнгө оруулжээ. Ийм бүтэлгүй, хойрго нөхрөөр хөрөнгөө удирдуулах хэрэг ер нь байна уу? гэж та бодож байж болох юм.
Бүтэлгүй гэдгээс яриагаа эхэлье. Бүтэлтэй, бүтэлгүйг зорилгодоо хүрсэн эсэхээр тодорхойлох нь зүйтэй. Нөхөрлөлийн зорилго энгийн: хамтрагчидын хөрөнгийн үнэ цэнийг боломжын хурдаар, урт хугацааны туршид тогтвортойгоор өсгөх. Хөрөнгийг өсгөн арвижуулах шалгарсан 'жор' энэ билээ.
Боломжын хурдаар хөрөнгийг өсгөнө гэдэг нь өндөр өгөөж олох боломжыг зориудаар тойрон өнгөрнө гэсэн үг биш. Хөрөнгөө тогтмол өсгөж л байвал, жил бүр даруухан өгөөж хүртлээ ч тэр нь бид зорилгодоо хүрэхэд хангалттай гэсэн санаа. Үнэндээ, жил бүр 30%, түүнээс өндөр өгөөж өгч чадах хувьцаа манайд цөөн.
Харин, хөрөнгийг тогтвортойгоор өсгөх боломжийг үгүй хийдэг ганц зүйл нь хөрөнгөө бүр мөсөн алдах явдал юм. Том том тоонуудыг үржүүлэх явцад дунд нь нэг л тэг орсон бол үр дүн нь тэг гарна. Барианд түрүүлж орохын тулд эхлээд барианд орох хэрэгтэй гэж үг бий.
Дотоодын хөрөнгийн захын тайзнаа өнгөрсөн жилийн турш 'Хувьцааны үнэ дээшээ, дээшээ, бүр дээшээ…' хэмээх маршыг өдөр бүр хоороор дуулцгаав. Нөхөрлөлийн зорилготой нийцэхгүй тул энэ дууг нөхөрлөл түрэн дуулаагүй.
Учир нь, хувьцааг хэдий чинээ өндөр үнээр худалдаж авна, эрсдэл тэр хэрээр их, ирэх өгөөж нь ч төдий чинээ бага. Хувьцаануудын үнэ өссөөр, даруухан ч атугай өгөөж хүлээхээргүй түвшинд очсон.
Мөн, боломжит түвшинөөс хэт өндрөөр үнэлэгдсэн хувьцааг худалдан авах нь хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй тэсрэх бөмбөг олж өвөртлөхтэй адил. Өөрөөр хэлвэл, үнэ нь гэнэт өссөн шигээ навс унахад хөрөнгийнхөө дийлэнхийг нэг мөр алдах аюултай.
Нисдэггүй бор морийг нь идсэний төлөө Болдоггүй бор өвгөн Хан хурмастын хоёр чонын арьсыг хоншоорт нь унжуулаад явуулдаг. Тэд нисдэг бор морийг нь идэх даалгавартай байснаас тэр. Хан хурмастын чононуудын гаргасан алдааг таны өмнөөс хувьцаа сонгохдоо би давтахгүй байхыг хичээх болно.
Алдагдалаас айснаасаа болж, нөхөрлөл 2021 оны турш гараа хумхин суусан уу гэвэл үгүй. Хоёр ч сайн бизнесийн хувьцааг маш хямд үнээр худалдаж авсан. Ирэх жилүүдэд, энэ хоёр хувьцаанаас дориун өгөөж хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эдгээр хувьцаанууд нь хөрөнгийн зах зээл дээр цөөн тоогоор зарагддаг 'ховрын бараанууд.' Түүнчлэн, хямд үнээр олдох нь зах зээлд олон тоогоор нийлүүлэгдэхээсээ ч цөөн. Нөхөрлөлийн нийт хөрөнгийн бараг хагасыг нь 'ажилд оруулж' чадаагүй буйн шалтгаан нь энэ.
Энэ мэтчилэн, нөхөрлөл урт хугацааны зорилгоо биелүүлэхийн төлөө тухайн нөхцөлд тохирсон шийдвэрүүдийг гаргасаар ирлээ. Нөхөрлөлийн гүйцэтгэлийг ганц хоёр жилээр бус арав, хорин жилээр үнэлэж дүгнэхийг та бүгдээсээ хичээнгүйлэн хүсье.
Бид богино бус урт хугацааны үр дүнд үнэхээрийн төвлөрч чадвал нөхөрлөлд бодит давуу тал үүснэ. Учир нь, зах зээлд оролцогчдын дийлэнх нь урт хугацаанд үүсэх үнэ цэнэд бус өнөө маргаашийн үнийн хэлбэлзэлд ач холбогдол өгдөг. Эндээс олны тоолгүй орхисон эрдэнийг олж цуглуулах боломж нээгдэх юм.
Нөхөрлөлийн эзэмшиж буй хоёр хувьцаан дээр жишээ аваад үзье. Энэ хоёр хувьцааг цаг нь ирэхээр та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулна аа. Харин, энэ удаад хоёр хувьцааны адил төстэй талуудад анхаарлаа хандуулъя.
Эдгээр хувьцаануудын цаана дараагийн тав, арав, хорин жилд их хэмжээний ашиг олох нь гарцаагүй 'чулуу' бизнесүүд бий. Үүнийг дагаад хувьцаануудын ханш ч ирээдүйд тогтмол өсөх нь дамжиггүй. Бенжамин Грэмийн хэлсэнээр, зах зээл бол богино хугацаандаа сонгуулийн санал тоолдог машин, урт хугацаандаа шилдгүүдийг шалихгүйгээс нь ангилан ялгадаг машин билээ.
Азаар, хоёр хувьцааны аль нь ч одоогоор 'халуухан' хувьцаанд тооцогдохгүй буй юм. Олны овоо хараанд өртөөгүй учраас л үнэ нь тэнгэрт хадчихаагүй, хямд олдож буй хэрэг. Ийнхүү 'гологдож', орхигдсон хувьцаанууд учир ойрын хугацаанд огцом өсөлт үзүүлэх магадлал нь ч мөн бага.
Чухам ийм хувьцаануудыг худалдан авах нь нөхөрлөлийн зорилгод яв цав нийцнэ. Энэ нь, нөгөөтэйгүүр, ойрын хугацаанд өндөр өгөөж бараг л хүртэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Хэрэв би энэ жил тааруухан өгөөж тайлагнахаас айж ичээд ийм боломжыг шүүрэлгүй өнгөрсөн бол өөрсдийгөө хуурсан, тэнэг хэрэг болох байлаа.
Миний хувьд, цаашид ч зөв харагдахын тулд буруу үйлдэл хийх бус буруу харагдах байлаа ч зөв шийдвэрүүд гаргасаар байх болно гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч, хөрөнгийг удирдах хамгийн сайн арга барил байлаа ч удирдах хөрөнгөгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй билээ. Хэрэв урт хугацаанд хөрөнгө оруулах нь зөв гэдэгтэй бид бүгд санал нэгдвэл энэ нь нөхөрлөлийн хувьд маш том давуу тал болон хувирна.
Энэ захиаг нөхөрлөлийн гишүүдэд бус хамтрагчид аа гэж хаягласан минь ч ийм учиртай. Нөхөрлөлийн гишүүн гэдэг албаны, хөндий хүйтэн нэр томъёо. Харин, амьдрал дээр бид хамтрагчид байх хэрэгтэй. Хамтрагчид нэг зорилгын төлөө санаа нэгтэйгээр хамтран зүтгэдэг шүү дээ.
Энэ хүрээд хөрөнгө оруулалтын тухай яриагаа дуусгая. Нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргээд захиагаа өндөрлөе.
Нөхөрлөлийн ээлжит хурал 1-р сарын 27-ны Пүрэв гарагт 15:00-17:00 цагийн хооронд цахимаар явагдана. Та бүхнийг доорх холбоосоор орж, хуралдаа идэвхитэй оролцохыг уриалж байна - Хурлын үеэр бүгдээрээ сайхан чөлөөтэй ярилцацгаая.
Хурлаар хэлэлцэх нэг чухал сэдэв бий. Тэр нь нөхөрлөлийн хөрөнгөөр гадны хөрөнгийн захууд дээр хөрөнгө оруулж эхлэх. Миний зүгээс, нөхөрлөлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар энэ боломжыг нээж өгөх саналтай байна.
Хамтрагчид хүссэн үедээ нөхөрлөлийн данс тооцоотой танилцах боломжтой. Үүнийг хялбаршуулж, мэдээллийг хамтрагчийн гар дээр тавих нь миний ойрын зорилтуудын нэг. Энэ хүрээнд хөгжүүлж буй цахим самбар оны эхний хагаст багтаад бэлэн болчих болох болов уу!
Өөрсдийн хөлс, хүч шингэсэн хөрөнгөө удирдуулахаар нөхөрлөлд итгэл хүлээлгэсэнд дахин баярлалаа.
Хүндэтгэсэн,
[Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал]
2022 оны 1-р сарын 24

Дэлхийн бүхий л хөрөнгийн захууд 2021 онд Ковидын улмаас хөөсөрсөн билээ