Natural Resource Partners (NRP) нөхөрлөл нүүрсний нөөцөө олборлогч компанид ашиглуулж, хариуд нь орлогоос нь хувь авдаг. Энэ тухай өмнөх нийтлэлд дурьдсан. Тэгвэл эднийх хаанаас нүүрсний орд, ашиглалтын лицензүүдтэй болдог вэ?
Бусдаас худалдаж авдаг. Үүнд нэг их гайхаад байх зүйл алга. Харин, хэнээс худалдаж авдаг нь ихээхэн сонин. Нүүрсний орд ашиглах лицензийг эднийд худалдаж буй нөгөө тал нь арван тохиолдлын есөд нүүрс олборлогч компани байдаг. Нүүрс олборлогчид өөрсдийн нүүрсний нөөцийг NRP нөхөрлөлд зараад, буцаагаад тэднийхээс түрээсэлдэг гэхээр сонин байгаа биз?
Тэдний оронд өөрсдийгөө тавиад, ойлгох гээд үзье. Би олборлогч компани учир миний нуруундаа үүрэх ачаа, хариуцлага, эрсдэлд эцэс төгсгөл үгүй. Үйл ажиллагааны зардал, тоног төхөөрөмж, үйлдвэрт хөрөнгө оруулах, ажилтнуудыг хөгжүүлэх, тэдний цалин, хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны стандарт хангах, орон нутгийн харилцаа, гэх мэт санаандаа орсон ямар нэг сэдэв нэрлэхэд л тэр миний хүлээх үүргүүдийн нэг. Олон төрлийн хариуцлага үүрэх тусам эрсдэл тэр хэрээр өндөр. Дээрээс нь, бизнесийн эрсдэл тэрүүхэн явцуу хүрээндээ нүүрлээд өнгөрөх нь бараг л үгүй. Эгнүүлэн босгож өрсөн даалуунуудын нэг нь унахдаа бусдыгаа нураадаг шиг бизнесийн аль нэг хэсэгт үүссэн асуудал бусад чиглэлүүдээ татаж унагаах гэнэ.
Энэ салбарт түгээмэл тохиолддог нүүрсний үнийн уналтаар жишээ авъя. Үнэ унахад дагаад орлого буурна, гэвч тогтмол зардлууд хэвэндээ учир үйл ажиллагааны аль нэг хэсгийн төсвийг танах хэрэгтэй болно, үүнээс үүдэн магадгүй үйл ажиллагаа доголдсоноор, дараагийн том асуудлын суурь тавигдаж, яваандаа компани сүйдэж ч болох юм. Би магадгүй хэт ургуулан сэтгэж, муу амлаж байж болох ч тоо баримт худлаа хэлэхгүй билээ. 2018 онд Америкийн хамгийн том нүүрс олборлогчид байсан 10 компанийн 7 нь дампуурлаа зарлаж, нэгийнх нь зээлжих зэрэглэл унаж, нэгийнх нь хувьцааны дийлэнхийг өөр нэг нүүрс олборлогч худалдан авчээ.
Алдагдал хүлээж, дампуурахдаа тулаад буй бизнест гаднаас хөрөнгө орж ирэх нь ус, агаар мэт хамгаас чухал. Гэвч, хөрөнгө оруулагчид ашиг өгөөжинд дуртай боловч эрсдэл хүлээх үнэн голоосоо дургүй билээ. Тэд асуудлын үүр уурхай болсон, өндөр эрсдэлтэй нүүрс олборлогчид хөрөнгө оруулах уу? Уг нь огт боломжгүй биш. Тэдний үүрэх эрсдэлээс давсан өндөр өгөөж, хүү амлах юм бол хөрөнгө оруулагчид үгүй гэхгүй. Гэвч тэд 30% хавьцаа, их л өндөр өгөөж шаардах байх даа.
Ингэхэд, нүүрс олборлогч компанид хөрөнгө оруулахдаа 30% өгөөж шаардана гэдэг нь яг яана гэсэн үг вэ? Нүүрс олборлогч өрийн бичиг (бонд) зарж зээл авах, эсвэл хувьцаа нэмэж гаргах гэсэн хоёр хувилбар бий. Аль ч тохиолдолд, хөрөнгө оруулагч хамгийн ихдээ жилийн ашгаас нь 3 дахин их мөнгөн дүнгээр л нүүрс олборлогчид хөрөнгө оруулна гэсэн үг.
Бондыг нь авч буй бол, нүүрс олборлогч жилийн ашгаасаа хүүнд төлөх төлбөрөөс 3 дахин л их дүнтэй зээл олгоно гэсэн үг. Ингэснээр сая 30% өгөөж хүртэх боломж бүрдэнэ. Эсвэл, нэгж хувьцаанд ногдох жилийн ашгаас нь дээд тал нь 3 дахин илүү үнэ төлж нэмэлтээр гаргаж буй нэг ширхэг хувьцааг нь авна. Ингэснээр бас, хувьцааны үнийн цаашдын хэлбэлзэлийг эс тооцвол, 30% өгөөж хүртэх нөхцөл үүснэ.
Харин, NRP нөхөрлөл нүүрс олборлогчидтой харьцуулахад хамаагүй таатай нөхцөлөөр хөрөнгө босгосоор иржээ. Эднийх, жилийн хүүгийн төлбөрөөс нь даруй 15 дахин өндөр дүнгээр зээл авч, өөрсдийн нэг нэгж эрх тутамд ногдох жилийн чөлөөт мөнгөн урсгалаас 10 дахин өндөр үнээр нэгж эрх нэмэн гаргаж байсан арвин түүхтэй - Нөхөрлөлийн нэгж эрх, чөлөөт мөнгөн урсгал зэргийн талаар өмнөх нийтлэлээс уншина уу. Өөрөөр хэлвэл, NRP нөхөрлөлд хөрөнгө оруулагчид 6.5% зээлийн хүү, хувьцааны 10% өгөөж тус тус ‘хардаг’ ажээ.
Нүүрс олборлогчдоос багадаа 30% өгөөж ‘нэхээд’ хөдөлдөггүй хөрөнгө оруулагчид NRP нөхөрлөлд яагаад ийм нааштай хандана вэ? Өмнөх нийтлэлүүдэд дурьдсанаар NRP нь хөрөнгө оруулагчид 3 төрлийн ашиг тустай, мөн эрсдэл багатай бизнес учраас тэр юм.
Ийнхүү, санхүүгийн хүнд байдалд орсон нүүрс олборлогчид NRP татгалзахын аргагүй санал тавих боломж бүрддэг. Нүүрс олборлогч өөрийн мэдлийн ордыг бусдад ашиглуулсанаар ашигт малтмалын нөөц ашигласны тодорхой хэмжээний төлбөр (АМНАТ) нэг жилд цуглуулж бизнесийн ашиг орлогодоо нэмэрлэдэг. Жилд бүрдүүлдэг АМНАТ-ийн орлогыг нь 5 нугалсан үнээр NRP тухайн ордыг нь салгаж авъя гэхэд нүүрс олборлогч ‘гуяаа алгадах’ нь холгүй зөвшөөрдөг.
Учир нь бусад хөрөнгө оруулагчид нүүрс олборлогчын аливаа төрлийн ашгийг дээд тал нь 3 нугалсан хэмжээний л хөрөнгө оруулалт хийх нөхцөл тулгадгийг бид мэднэ. Тухайн АМНАТ-ийн орлогыг 5 нугалсан үнэ төлж өөрийн болгоход нь ‘зориулж’ хөрөнгө оруулагчид NRP нөхөрлөлд 10-15 нугалсан хөрөнгө оруулдгийг бид бас мэднэ. Тэгэхээр, нүүрс олборлогчид ийнхүү татгалзахын аргагүй санал тавих замаар тухайн ордыг худалдан авах нь NRP нөхөрлөлд ч мөн туйлын ашигтай юм.
NRP нөхөрлөл, эдний бизнесийн онцлог шинжүүдийн талаар дараа дараагийн нийтлэлүүдээс үргэлжлүүлэн уншина уу.